2021-2022оны хичээлийн жилийн “Шинэ зууны малчин” сонгон хичээл амжилттай зохион байгууллаа

Малчдын залгамж халааг түүчээлэх, мал маллагааны уламжлалт аргыг хадгалан өв соёлоо дээдлэн хамгаалж, өнөөгийн зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн, байгальд ээлтэй суурь мэдлэг, ойлголтыг ирээдүйн залууст олгоход чиглэсэн ШИНЭ ЗУУНЫ МАЛЧИН сонгон суралцах хичээл 2021-2022 оны хичээлийн жилд Хэнтий (5 сум), Дорнод (5 сум), Хөвсгөл (5 сум), Баянхонгор (Шинэжинст сум), Дорноговь (Дэлгэрэх сум) аймгийн 17 багшаар дамжуулан 717 сурагчдад амжилттай зохион байгуулагдлаа.
Хичээлийн агуулга, амьдралд нийцтэй байдал нь багш нар болон сурагчдад харилцан ярилцах, багаар ажиллах, туршилт хийх, ажиглах, бүх сурагчдыг тэгш оролцуулах боломжийг олгосон юм. Энэхүү хичээлийг заасан багш нар олон шинжлэх ухааны мэдлэгийн уулзварыг орон нутагтаа шингээхэд шинэ туршлага, мэдлэгээр өөрийгөө хөгжүүлсэн. Сурагчдын хувьд өөрийн нутаг орныхоо байгалийн болон нийгэм, өв соёлын тухай цогц мэдлэгийг системтэй, практиктай олж суралцлаа.

.

ШИНЭ ЗУУНЫ МАЛЧИН хичээлд суралцсан сурагчид бүтэн жилийн турш ирц идэвхи 100%, гэрийн даалгавараа цагтаа хийж, хоорондоо хэлэлцэн, нэгэндээ мэдлэгээ хуваалцан, үр бүтээлтэй мэдлэг авч, ирээдүйн мэргэжлээ сонгох чиглэлээ энэ хичээлээр тодорхойлж буйгаа илэрхийлсэн.
Нийт багш нартаа эх орондоо үнэ цэнэтэй, ирээдүйн эрхэм иргэнийг өсгөж, төлөвшүүлэх үйлсэд нь хөтөлбөрийн багийн хамт олны зүгээс амжилт хүсэж, талархал илэрхийлж байна. Түүнчлэн нийт сурагчиддаа цаашид сурч, хөдөлмөрлөх алсын аялалд нь өндөрөөс өндөр амжилт хүсэе!

Ан амьтнаа энэрэн хамгаалах тухай

“Өөрөө зовох доройтохыг үл дурлах мэт
Өөр амьтныг ч зовоох доройтуулахыг бүү үйлд”

Монголын өргөн уудам орны хангай, ойт хээр, тал хээр, говийн бүсэд зохицож нутагшин амьдарсан тарвага, зээр, гахай, буга согоо, гүр зүр, аргал угалз, хулан тахь, хавтгай ямаан гөрөөс, үнэг чоно, булга суусар, минж, халиу, хярс, мануул, хэрэм, ирвэс, шилүүс зэрэг олон төрлийн ан амьтнаар баялаг.

Байгаль дэлхийн унаган төрхийг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалж хамгаалахад ан амьтан бүрийн үүрэг асар их гэдгийг хүн бүр хэзээ ч мартаж болохгүй.
Монголчууд ан амьтны жим гүйдэл дээр хэц тавих, хавх урхи зүүх, булах бусад хөнөөлт арга хэрэглэх, нүхэнд ус цутгах, утах, хор тавих, ичдэг амьтныг ичээнд алах, үүр ноохой ичээ нүх зэрэг амьдрах орчныг эвдлэн сүйтгэх зэргийг ихэд цээрлэдэг билээ.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…

Усаа хайрлан хамгаалах тухай

“Усны эх булаг
Улсын эх иргэд”

Монголчуудын эртний ёсонд ус газар бүгд эзэнтэй гэж үздэг байсан. Хэрэв гол мөрөн, булаг шанд, рашаан нуур цөөрмийн усыг бохирдуулвал усны эзэн (Лус) хилэгнэж муу юм болно гэж ихэд айн болгоомжилно. Монголчуудын олон зуун жилийн амьдралд энэ нь байнгын дадал заншил болсон тул усаа хамгаалах нэгэн сайн арга болсон байна.

Гол мөрөн, булаг шанд зэрэгт /цус, сүү/ оруулахаас ихэд цээрлэж усны сав, шанагыг үргэлж тусад нь цэвэр цэмцгэр байлгана.
Урсгал юм угаах, гол мөрөн, булаг шанд, усны ойролцоо бие засах, гол горхийн хөвөө, булаг шанд, ялангуяа урсгалын эхэнд биеэ угаахыг нэн цээрлэн ахуй, ёс суртахууны хэвшил болгон сургадаг.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…

Газар шороогоо хайрлан хамгаалах тухай

“Газар бол ургамлын булаг
Гал бол амьдралын булаг”

Бидний өвөг дээдэс байгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй, ховор амьтан, ургамал бүхий газар нутаг, уул усыг “догшин хайрхан” хэмээн нэрийдэж, тэндээс хөрс шороо, чулуу хөдөлгөх, ургамал, өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрлэдэг байжээ.

Газар дэлхийгээ бохирлож сэвтүүлснээс байгалийн зохицол тэнцвэр алдагдаж, энэ нь хүний амьдралд эргээд муугаар нөлөөлдөг болохыг ухаант өвөг дээдэс маань гярхай ажигласнаар ийнхүү хорио цээрийн ёс, хэв хуулиудыг тогтоожээ.

Монголчууд хадгийг эдийн дээд хэмээн хүндэтгэсээр ирсэн. Тэр цаг үед хүр хорхойн шүлснээс гаргаж авсан буюу байгальдаа эргэн шингэдэг, огтын хор хөнөөлгүй эдээр хадгийг хийдэг үнэ цэнтэй байсан нь ийнхүү эрхэмлэн үзэхийн нэгэн шалтгаан байж. Гэвч энэ цагт энэхүү уламжлал төөрөлдөж чанар муутай эдээр хийсэн хадаг хүрээлэн буй орчин, амьтан, жигүүртэн байгаль эхэд хор хөнөөл учруулсаар байна.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…

Ургамал модоо хайрлан хамгаалах тухай

Ургамал хэдийн нарийн боловч нахиагаа даадаг
Учир хэдийн нарийн боловч утгаа даадаг

Ургамлын баялаг нь байгаль дэлхийд өнгө үзэмж оруулах, хүний сэтгэлийг баясган сэргээх, хүн амьтанд амьдрах эрүүл орчныг бүрдүүлэх, агаар орчныг цэвэршүүлэх, хөрсний чийг, үржил шимийг тогтоон барих, экологийн тэнцвэрийг хадгалах, хүн, мал амьтны хүнс тэжээл болох, эмийн болон үйлдвэрийн үнэт түүхий эд мөн гэдгийг хүн бүр ухамсарлан ойлгох хэрэгтэй.

Хүн төрөлхтөн шуналын сэтгэлээр мод бутны мөчир, ишийг хугалах, тайрч зүй бус байдлаар ихээхэн хэмжээнд түүж бэлтгэснээр ургамал, модоо уйлуулан гомдоож байгаль дэлхийдээ нөхөж баршгүй хохирол учруулж байна.

Өвс ургамалд гар хүрэхийн учрыг ч ухаант дээдэс бидэнд сургажээ. Амьд байгаль сэргэн төлжих хавар, зуны цагт нялх ногоо, цэцэг зулгаах, нойтон модны мөчир хугалах, боловсроогүй ургамал жимсийг үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлын үндэс, мөчиртэй нь түүх, мөөгөн хүрээг хоослохыг цээрлэж эх болсон байгалиа хамгаалсаар ирсэн. Түүнчлэн тархац нь бага буюу цөөн хэсгээрээ сондгой ургасан мод бутанд ер гар хүрдэггүй.

Хаанаас мод хөндөх цээртэй вэ?

Монгол хүн гол горхи, булаг шанд,усны эх, голын сав газрын модыг хөнддөггүй. Тархац нь бага газрын мод бутыг авч хэрэглэхийг цээрлэдэг.

Хэзээ мод бут авахыг цээрлэдэг вэ?

  • Хавар мод бут ногоорч, цэцэглэж байх үед мод огтлохыг хориглодог.
  • Боловсорч үрлэж байгаа үед нь авахыг цээрлэнэ.
  • Мод тарих, бургасаар хашаа хороо барихдаа гол толгой мөчрийг мухарлан огтлохыг цээрлэнэ.

 

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…