Ан амьтнаа энэрэн хамгаалах тухай

“Өөрөө зовох доройтохыг үл дурлах мэт
Өөр амьтныг ч зовоох доройтуулахыг бүү үйлд”

Монголын өргөн уудам орны хангай, ойт хээр, тал хээр, говийн бүсэд зохицож нутагшин амьдарсан тарвага, зээр, гахай, буга согоо, гүр зүр, аргал угалз, хулан тахь, хавтгай ямаан гөрөөс, үнэг чоно, булга суусар, минж, халиу, хярс, мануул, хэрэм, ирвэс, шилүүс зэрэг олон төрлийн ан амьтнаар баялаг.

Байгаль дэлхийн унаган төрхийг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалж хамгаалахад ан амьтан бүрийн үүрэг асар их гэдгийг хүн бүр хэзээ ч мартаж болохгүй.
Монголчууд ан амьтны жим гүйдэл дээр хэц тавих, хавх урхи зүүх, булах бусад хөнөөлт арга хэрэглэх, нүхэнд ус цутгах, утах, хор тавих, ичдэг амьтныг ичээнд алах, үүр ноохой ичээ нүх зэрэг амьдрах орчныг эвдлэн сүйтгэх зэргийг ихэд цээрлэдэг билээ.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…

Усаа хайрлан хамгаалах тухай

“Усны эх булаг
Улсын эх иргэд”

Монголчуудын эртний ёсонд ус газар бүгд эзэнтэй гэж үздэг байсан. Хэрэв гол мөрөн, булаг шанд, рашаан нуур цөөрмийн усыг бохирдуулвал усны эзэн (Лус) хилэгнэж муу юм болно гэж ихэд айн болгоомжилно. Монголчуудын олон зуун жилийн амьдралд энэ нь байнгын дадал заншил болсон тул усаа хамгаалах нэгэн сайн арга болсон байна.

Гол мөрөн, булаг шанд зэрэгт /цус, сүү/ оруулахаас ихэд цээрлэж усны сав, шанагыг үргэлж тусад нь цэвэр цэмцгэр байлгана.
Урсгал юм угаах, гол мөрөн, булаг шанд, усны ойролцоо бие засах, гол горхийн хөвөө, булаг шанд, ялангуяа урсгалын эхэнд биеэ угаахыг нэн цээрлэн ахуй, ёс суртахууны хэвшил болгон сургадаг.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…

Газар шороогоо хайрлан хамгаалах тухай

“Газар бол ургамлын булаг
Гал бол амьдралын булаг”

Бидний өвөг дээдэс байгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй, ховор амьтан, ургамал бүхий газар нутаг, уул усыг “догшин хайрхан” хэмээн нэрийдэж, тэндээс хөрс шороо, чулуу хөдөлгөх, ургамал, өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрлэдэг байжээ.

Газар дэлхийгээ бохирлож сэвтүүлснээс байгалийн зохицол тэнцвэр алдагдаж, энэ нь хүний амьдралд эргээд муугаар нөлөөлдөг болохыг ухаант өвөг дээдэс маань гярхай ажигласнаар ийнхүү хорио цээрийн ёс, хэв хуулиудыг тогтоожээ.

Монголчууд хадгийг эдийн дээд хэмээн хүндэтгэсээр ирсэн. Тэр цаг үед хүр хорхойн шүлснээс гаргаж авсан буюу байгальдаа эргэн шингэдэг, огтын хор хөнөөлгүй эдээр хадгийг хийдэг үнэ цэнтэй байсан нь ийнхүү эрхэмлэн үзэхийн нэгэн шалтгаан байж. Гэвч энэ цагт энэхүү уламжлал төөрөлдөж чанар муутай эдээр хийсэн хадаг хүрээлэн буй орчин, амьтан, жигүүртэн байгаль эхэд хор хөнөөл учруулсаар байна.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…