ӨВС УРГАМЛЫГ НӨХӨН СЭРГЭЭХ УХААН .02

АГЬ БА ШАВАГ

Баянхонгор аймаг, Бууцагаан сум, 2014 он

Өвөлжөөний ойролцоох
нөөц бэлчээр

Агь шавагт бэлчээр нь өвөл, хаврын идэш тэжээлийн гол нөөцийг бүрдүүлдэг. Иймд дулааны улиралд аль болох мал бэлчээрлүүлэхгүй нөөцөлж хадгалах нь зүйтэй юм.

Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2013 оны 8 сар

Төлөгчдүү боролзой,
Ajania achilleoides,
Turcz

Ургах орчин: Цөл, цөлийн хээрт уул толгодын чулуурхаг хажуу, бэл хормой, байц хад, сайрын ирмэг ба хайргархаг ёроолоор ургана.
Ургамал ургалтын хугацаанд бэлчээрээ сэлгэснээр нөхөн төлжих чадварыг дэмжиж үрлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Төлөгчдүү боролзой нь тэжээлийн шимт чанар сайтай, малд тэвээрэг өгдөг ургамал юм. Зунаас бусад улиралд бүх төрлийн мал сайн иддэг.

Эх сурвалж: БНМАУ-ын Хадлан билчээр дэх ургамлууд, 1968, А.А.Юнатов., Монгол орны малын тэжээлийн ургамал, 2003, С.Жигжидсүрэн, Д.А.Жонсон

Өмнөговь аймаг, Номгон сум, 2019 оны 8 сар

Бор шаваг,
Artemisia xerophytica,
Krasch

Тархалт: Цөлийн хээр
Тайлбар: Бор шаваг гэж ихэнхдээ нэрлэдэг ч баруун Монголын малчид цагаан шарилж гэдэг. Тэжээллэг чанар өндөр, малыг маш сайн таргалуулдаг, ялангуяа өвөл онцгой сайн тэжээл болдог. Бор шавагийг идсэн мал даардаггүй гэж малчид ярьдаг. Мөчрийг нь зун намрын цагт бог мал, тэмээ сайн идэх ба өвлийн хавар адуу үхэр гойд сайн иднэ.

Эх сурвалж: БНМАУ-ын Хадлан билчээр дэх ургамлууд, 1968, А.А.Юнатов

Хэнтий аймаг, Норовлин сум, 2018 оны зун

Хүйтсүү агь,
Artemisia frigida,
Willd

Тархалт: Ойт хээр, хээрийн бүсэд тархсан.
Тэжээллэг чанарын хувьд шим ихтэй, мал таргалуулж сүү оруулдаг тэжээлийн тэргүүн зэргийн ургамал юм. Үхэр зун дунд зэрэг, зунаас бусад улиралд сайн, хонь, ямаа ургал найлзууруудын дээд хэсгийг гойд сайн иддэг учраас малчид хамгийн сайн тэжээллэг ургамал хэмээн үнэлдэг юм. Агь нь хавар хамгийн түрүүнд нүдэлж ургадаг учраас төл мал тамир тэнхээ авдаг. Мал бэлчээрлэсний дараа богино хугацаанд сэргэхээс гадна хаягдсан тариалангийн талбай атаршихад болон доройтсон бэлчээрт их тархдаг.

Эх сурвалж: БНМАУ-ын Хадлан билчээр дэх ургамлууд, 1968, А.А.Юнатов

ӨМНӨХ

Хялгана ба хазаар өвс

ДАРААХ

Улалжтан