ХӨХТӨН АМЬТАН
Янгир,
Siberian ibex
Тайлбар: Манай орны Алтай, Хангай, Говийн хадархаг, цавчим өндөр уулсаар тохиолдох том туруутан амьтан. Сүрэглэн амьдрах бөгөөд ирвэсийн гол хоол хүнсний нэгт тооцогддог. Сүрлэг дүр төрхөнд нь татагдан жил бүр гадаадын олон жуулчид манай орныг зорин ирэх ба эдийн засгийн ач холбогдол бүхий амьтдын нэг юм.
Халздай дорго,
Meles leucurus
Дорго ой, хээр, заримдаг цөл, тариан талбай, хот суурин зэрэг олон төрлийн амьдрах орчинд тохиолддог жижиг биетэй махчин амьтан. Хоол хүнсээ хайх, үүр, овоохойгоо ухахтай холбоотойгоор дөрвөн мөч бахим хөгжсөн. Мөн гэрийн тэжээвэр амьтад, тариа, будаа идэж сүйтгэх зэргээс шалтгаалан тархац нутгаасаа хүнд ихэвчлэн шахагддаг байна.
Халиун буга,
Cervus Elaphus
Манай орны ой мод бүхий ихэнх нутгаар тархсан. Улаан ном, улаан дансанд орсон ховор амьтан. Сүүлийн гучаад жил эвэрийг нь ашиглах, худалдаалахтай холбоотой хууль бус анд өртөж тоо толгой нь буурсан байна. Өвлийн улиралд шигүү ойн мод бүхий нам дор газарт буун ирж өвөлждөг бол зун идэш, тэжээл элбэгтэй уулын тагрүү нүүдэллэдэг байна.
Мануул,
Felis manul
Мануул тал, хээрийн экосистемд өргөн тархсан гэрийн мууртай ойролцоо хэмжээтэй ч арай богино хөлтэй мийн овогт хамаарах ховор зүйл хөхтөн амьтан юм. Идэш, тэжээлийн зонхилох хувийг монгол огдой эзэлдэг байна. Ихэвчлэн өглөө, оройн харуй бүрийг тааруулан идэш болох амьтдаа гөрөөлдөг нь шөнийн идэвхтэй бусад том махчин амьтадтай таарах эрсдлийг бууруулах өвөрмөц зохилдолгоо юм.
Аргаль,
Ovis ammon
Манай орны өмнөд, төв, баруун хэсгийн хадархаг уулс, толгодтой хэсгээр тархсан ховор зүйл хөхтөн амьтан. Эрдэмтдийн судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд дэд бүтцийн хөгжил, хууль бус ан, малын тоо толгойн өсөлттэй холбоотойгоор энэ зүйлийн популяцийн тархац нутаг хуваагдах, хумигдах, доройтох, үүнийгээ дагаад тоо толгой нь буурах дүр төрх ажиглагдаж байна.
Хярс,
Vulpes corsac
Хярс манай оронд түгээмэл тархсан чонын овогт хамаарах жижиг биетэй, шөнийн идэвхтэй хөхтөн амьтан. Жижиг мэрэгчдээр голчлон хооллодог. Экосистем дэх жижиг мэрэгч амьтдын тоо толгойг зохих хэмжээнд байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мөн хууль бус ан, амьдрах орчны доройтол энэ зүйлд сөрөг нөлөө үзүүлж байна.



