ӨВС УРГАМЛЫГ НӨХӨН СЭРГЭЭХ УХААН .05

АЛАГ ӨВС-ТААНА ХӨМӨЛ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум, Далай ээж
бүлгийн хадлангийн талбай, 2018 оны 7-р сар

Онгон дагшинаараа байгаа уулын нуга

Далай ээж бүлгийн хадлангийн гарц буураагүй байгаа нь бахархалтай. Цаашид ийм онгон дагшинаараа байгаа хадлангийн талбайгаа хадгалахын тулд хадлангийн сэлгээгээ зөв төлөвлөж, дагаж мөрдөөрэй.

Улаанбаатар хот, Зүрх уул, 2020 оны 7-р сар

Шар яргуй,
Pulsatilla flavescens
(Zucc.) Juz

Ургах орчин: Чулуурхаг, хээржүү хажуу, гол горхины эргийн хайрга, хуурайвтар ойн цоорхойд ургадаг.

Монголчууд яргуйг ургаж эхлэх үед ардын эмчилгээнд хэрэглэдэг ч олноор идвэл хор болно хэмээн үздэг хоруу чанартай ургамал юм. Хавар эрт ургадаг учир малд хүч тамир нөхдөг. Зөгий, хэдгэнэ, эрвээхий, шоргоолж зэрэг тоос хүртээгчдийн хувьд яргуй голлох ургамал гэж үздэг.

Хөвсгөл аймаг, Ханх сум, 2017 оны 7-р сар

Дагуур тайжийн жинс,
Echinopis dahuricus,
Tausch

Ургах орчин: Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүслүүрт уулын чулуурхаг, хайргархаг хажуу, бэл хормой, хадархаг газар ургана.

Малчид хонгорзул, морины уруул, адууны уруул гэх мэтээр нэрлэдэг. Навч болон бөмбөлөг хэлбэрийн сагснуудыг адуу амтархан иддэг. Олон төрлийн үрэвсэлт өвчнийг анагаах эмийн ургамлаас гадна тоос хүртээгч шавжнуудын хувьд чухал ургамал юм.

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 2018 оны 7-р сар

Бадамлянхуа (Бөлбөө),
Nelumbo nucifera

Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор ургамал юм. Өглөө цэцэг нь цоморлогоо дэлгэж, оройдоо хумьдаг, нарийхан иштэй гэхээргүй үзэсгэлэнтэй цэцэг юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ургах орчин болох нуурын ус татарч байгаагаас энэ ургамал устаж үгүй болох аюул тулгараад байна. Иймээс малчин бид бэлчээр, нутаг усаа хамгаалж, зохистой ашиглах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна.

Хөвсгөл аймаг, Ханх сум, 2018 оны 7-р сар

Хижээл сонгино (Мангир),
Allium sinescens Regel

Ургах орчин: Хангайн өмнөд зах, Монгол Алтай нууруудын хотгор, Орог нуур, Дорнод говь, Говийн алтай, Зүүн гарын говь, Алтайн цаад болон Алашааны говийн цөлөрхөг, цөлийн бүсийн хөнгөн элсэнцэр, нимгэн элстэй газрыг дагаж, гуу жалга, сайр, уулын хайргатай хажуу зэргээр ургана.

Тэжээлээр дутагдаж өвөлжсөн малд тарга хүч оруулдаг бэлчээрийн сайн ургамлын тоонд ордог. Ганг сайн даадаг, хавар эхний борооны дараа ургаж, 7-8 сард цэцэглэн 9-р сараас хагдардаг. Мал бусад ургамалтай хольж иднэ. Бог мал, тэмээ ургалтын үед сайн, адуу цэцэглэх үед сайн, цэцэглэлтээс хойшдуу иднэ. Үхэр дунд зэрэг иддэг.

ӨМНӨХ

Дэрс

ДАРААХ

Ойн экосистем