ӨВС УРГАМЛЫГ НӨХӨН СЭРГЭЭХ УХААН .06

ОЙН ЭКОСИСТЕМ

Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр сум, 2018 оны 7-р сар

Ойн цоорхой

Ойн цоорхой бол ойн экосистемийн хувьд маш чухал үүрэгтэй амьдрах орчин юм. Ойн байгалийн тархалт, түймэр зэргээс хамаарч янз бүрийн хэмжээтэй ойн цоорхой үүсдэг. Ойн тархалтын хил нь хөрсний үржил шим, цаг агаар, ургалтын хугацаа, цас, борооны нөлөө, шөнийн температур, өдрийн хөрсний халалт, ган зэргээр тодорхойлогддог. Уулын орой тийш өгсөх тусам температур буурч, хур тунадасны хэмжээ, салхины хурд нэмэгддэг учир мод давжаардаг байна. Ойн модны титэм буюу оройн хэсэг нь гэрлийн төлөө өрсөлдөж байдаг.

Эх сурвалж: Ч.Ж.Крэбс, 2001 он, “Экологи” сурах бичиг

Хэнтий аймаг, Хурхын хөндий, 2019 оны 7-р сар

Ойн хөвд

Хөвд ихэвчлэн ойд ургадаг. Манай орны Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар элбэг тархсан. Ойн экосистемийн идэш тэжээлийн хэлхээнд чухал үүрэгтэй. Цаа буга зэрэг амьтдын үндсэн тэжээл болдог. Ахуйн зорилгоор байшингийн дулаалгад ашигладаг. Зарим тохиолдолд түлээ түлшинд хэрэглэнэ.

Unknown

Тоншуул,
Picus canus

Ногоон толгойт тоншуул нь ой модны эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй амьтан. Модны холтсонд үүрлэсэн шавжаар хооллодог. Ихэвчлэн шоргоолж, ялаа, аалз, бөөс, бясаа, авгалдай зэргээр хооллодог. Модыг гэмтээдэг шавжийг ихэсэхээс хамгаалдаг юм. Намарын сүүл, өвлийн эхэнд жимс, жимсгэнээр хооллох нь элбэг юм.

Өмнөговь аймаг, Ханбогд сумын, Номгон баг, 2014 оны 8 сар

Заган ой

Заган ой нь хөрсний элэгдлээс урьдчилан сэргийлэх, амьдрах орчныг бий болгох , гантай тэмцэхэд чухал ач холбогдолтой. Монгол орны говь цөлийн хамгийн өргөн тархсан ургамлын нэг бол заг юм. Заган ой нь малын тэжээл, түлшний мод, эмийн ургамлын журмаар хэрэглэгдэхээс гадна, малд нөмөр нөөлөгтэй, цагаан, улаан гоёо ургах орчин болох зэрэг маш чухал ач холбогдолтой юм. Гэвч бэлчээрийн даац хэтрэх, түлшний мод бэлтгэх, мэрэгчдийн тоо толгой ихсэх, уур амьсгал, уурхайн нөлөөгөөр заган ой доройтож байна.

Эх сурвалж: А.Хауленбек нар, 2018 он, “Монгол орны заган ой, экосистемийн иж бүрдэл, нөөц, экологи-эдийн засгийн үнэ цэнэ” тайлан

ӨМНӨХ

Алаг өвс-таана хөмөл