АМЬТНЫГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ УХААН .02

МЭРЭГЧИД БА ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО

Туул голын умард хөвөө, 2019 он

Талхилагдсан бэлчээр

“Олон толгой малтай нүүдэл, хийж нутаг, буурь сэлгэдэггүй залхуу малчин. Магад бас сэлгэх гээд хааяагүй ийн доройтсон ч байж мэдэх. Талхилсан энэ “бэлчээр”-т “муу нэрт” үлийн цагаан оготно суурьшиж байгаад, хөөрхий “өөд” болсон үес. Онгойж, цөмөрсөн үлий, нүх, хүнхээг, армаг тармаг, тачир ургасан үмхий шарилж, толгодын бударгана төдий мал төдийлөн иддэггүй, доройтсон орчинд ургах чадвартай, өрсөлдөөнгүй үед “баярлан” ургадаг цөөн ургамлын зүйл харагдах. Энэ газар нутаг бол сүйрэлд өртсөн байна билээ. Хэн ийм болгов? Хэний өмч вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? Эсхүл төр эзэнгүй айл шиг болсон юм уу? Яагаад ийн сүйрч, бас нүднээ тусах ургамал үгүй нүцгэн газар болов? Зовлон бүхэн шалтгаантай гэдэг…” МУИС- ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан.

Мэрэгчид ба үлийн цагаан оготно

Үлийн цагаан оготно,
Microtus brandtii, Radde 1861

“Төв аймгийн Өнжүүл, Сүхбаатарын Зотол хаан уул зэрэг газар умар зүг хандсан хадны хүнхээг, жижиг агуйд хуримтлагдсан хурдасны судалгаа (Динесман нар, 1989)-наас үзэхэд, тэдний их олшролын цаг хугацааны орчил нь их эзэн хааны задгай, гандуу газар орныг дайлаар мордсон түүхэн үе (850-1100 орчим жилийн тэртээ), Манж чин улсын эрхшээлд байсан цаг хугацаа (200-300 орчим жилийн тэртээ)-тай ойролцоо тохиож байгаа. Монгол улсын дэвсгэр нутагт 1500 гаруй жилийн тэртээгээс, 200 орчим жилийн үечлэлтэй хуурай гандуу болон чийглэг хуртай үе сөөлжөн тохиож байсныг ургамлын тоосонцорын судалгаагаар тогтоосныг байгаль болон хүний түүх гэж хэлээд байгаа юм. Тэд, бэлчээр сорчлон оршдог нүүдэлчдийн соёлын түүхийг хадгалахад бас оролцсон гэж боддог. Хэрэв, үлийн цагаан үгүй байсан бол тэд нүүж, суун бэлчээр сэлгэх байсан уу…? Тэд, бэлчээрийн менежментийг сайн гүйцэлдүүлдэг. Талхилсан бэлчээрээс малыг өлөөр нь “тууж” явуулаад, тухайн бэлчээрийг “амраадаг”. Тэд, өөрийн амийг “золиосолж” биологийн зүйлийн олон янз байдлыг тэтгэдэг. Тэд, үндэсний бахархалт шувуу идлэг шонхороор дамжуулан Монголын эдийн засагт маш их ашиг орлого оруулж байлаа..” МУИС- ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан.

Мэрэгчид ба үлийн цагаан оготно

Дагуур огодой

“Өвөл цагт дагуур огдойн нүх үлий орчим олон салаа царга ажиглагддаг. Царга цасны зузаанаас хамаарч нэлээд гүн байх нь бий. Өндөрлөг газраас ажиглавал, царгаар гүйх огдойг харж амжина. Тэр нэн жожиг, үлэмж үлийд ганцаар орогнодог. Хөршийн “хашаа” давах аваас түүнийг хөөж, элдэх нь түгээмэл харагддаг. Бусад мэрэгч гүн унтаж байх үед монголын хээрийн газар, агаарын ангуучдыг өвлийн улиралд тэр л өгөөмөр “сэтгэл”-ээр өөрийгөө “золиос”-лон амьдралыг нь тэтгэдэг ажээ. Жилийн дөрвөн улиралд монголын хээр дамнуулан энерги “эргүүлдэг” огдойд талархах тун багадна аа. Харин, мал олширч бэлчээр доройтох болсноор тэд хааяагүй цөөрсөн…Тэгвэл, түүний энергийн урсгалын орон зайг юугаар нөхөх вэ?” МУИС- ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан.

Мэрэгчид ба үлийн цагаан оготно

Өөхөн сүүлт атигдаахай,
Salpingotus crassicauda,
Vinogradov 1924

“Өөхөн сүүлт атигдаахай нь элсэрхэг хурдастай газрыг илүү шүтэн байршдаг, өчүүхэн биетэй ч, шаггүй хурдан дэгддэг юм.” МУИС- ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан.

Галба говь

Соотон алагдаахай,
Euchoreutes naso, Sclater 1890

“Намрын дунд сарын хуучдын 19 болжээ. Соотон алагдаахай аль хэдий нь ичээндээ орох цаг болжээ. Соотон алагдаахай өгүүлрүүн: Сайхан амраарай, сайхан сэтгэлт хүмүүс ээ! Цөлд нүх ухах гэж, гахай хамартай, шавьж илрүүлэх гэж өөрөөсөө том туулай шиг соотон чихтэй ээж, ааваас төрсөн нь миний буруу юу…? Өөрт заяасандаа сэтгэл хангалуун байдаг юм.” МУИС- ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан.

ӨМНӨХ

Шавьж ба аалз

ДАРААХ

Шувууны анги