Ургамал хэдийн нарийн боловч нахиагаа даадаг
Учир хэдийн нарийн боловч утгаа даадаг
Ургамлын баялаг нь байгаль дэлхийд өнгө үзэмж оруулах, хүний сэтгэлийг баясган сэргээх, хүн амьтанд амьдрах эрүүл орчныг бүрдүүлэх, агаар орчныг цэвэршүүлэх, хөрсний чийг, үржил шимийг тогтоон барих, экологийн тэнцвэрийг хадгалах, хүн, мал амьтны хүнс тэжээл болох, эмийн болон үйлдвэрийн үнэт түүхий эд мөн гэдгийг хүн бүр ухамсарлан ойлгох хэрэгтэй.
Хүн төрөлхтөн шуналын сэтгэлээр мод бутны мөчир, ишийг хугалах, тайрч зүй бус байдлаар ихээхэн хэмжээнд түүж бэлтгэснээр ургамал, модоо уйлуулан гомдоож байгаль дэлхийдээ нөхөж баршгүй хохирол учруулж байна.
Өвс ургамалд гар хүрэхийн учрыг ч ухаант дээдэс бидэнд сургажээ. Амьд байгаль сэргэн төлжих хавар, зуны цагт нялх ногоо, цэцэг зулгаах, нойтон модны мөчир хугалах, боловсроогүй ургамал жимсийг үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлын үндэс, мөчиртэй нь түүх, мөөгөн хүрээг хоослохыг цээрлэж эх болсон байгалиа хамгаалсаар ирсэн. Түүнчлэн тархац нь бага буюу цөөн хэсгээрээ сондгой ургасан мод бутанд ер гар хүрдэггүй.
Хаанаас мод хөндөх цээртэй вэ?
Монгол хүн гол горхи, булаг шанд,усны эх, голын сав газрын модыг хөнддөггүй. Тархац нь бага газрын мод бутыг авч хэрэглэхийг цээрлэдэг.
Хэзээ мод бут авахыг цээрлэдэг вэ?
- Хавар мод бут ногоорч, цэцэглэж байх үед мод огтлохыг хориглодог.
- Боловсорч үрлэж байгаа үед нь авахыг цээрлэнэ.
- Мод тарих, бургасаар хашаа хороо барихдаа гол толгой мөчрийг мухарлан огтлохыг цээрлэнэ.
Байгалиа хайрлах бидний үүрэг товхимолоос…



