ШУВУУНЫ АНГИ
Асрын алтан хараацай,
Hirundo rustica
Тайлбар: Биеийн урт 14-19 см, жин 17-20 гр, хар хөх өнгөтэй, дэлхийн хэмжээнд өргөн тархсан жижиг биетэй шувуу. Идээшлэх, ундаалах, үүрлэх боломжтой бүх төрлийн амьдрах орчинд тохиолдоно. Эм шувуу 3-7 өндөг дарах ба 13-15 өдрийн дараа өндөг хагарч ангаахай гарна. Алтан хараацай их хэмжээний шавжаар хооллох бөгөөд тэдгээрийн тоо толгойг зохицуулахад чухал үүрэгтэй.
Хонин тоодог,
Otis tarda
Тайлбар: Хонин тоодог нь манай оронд өндөглөн зусдаг, хөрш улсууд болон манай улсын хэмжээнд тоо толгой нь цөөрч байгаа ховор зүйл шувуу юм. Биеийн урт 1 м орчим, жин 5.8 -18 кг, хүрэн шаргал өнгөтэй, нисэж чаддаг хамгийн хүнд биетэй шувуу. Газар тариалан эрхэлдэг бүс нутгуудад голдуу тохиолддог. Эм тоодогууд үржлийн үедээ өндөр ургамал бүхий нуугдах боломжтой газруудыг илүүтэй сонгодог бол эр тоодогууд нь харууц сайн, тачир, сийрэг ургамалжилтай газрыг сонгон идээшилдэг. Зуны улиралд хоол тэжээлийн зонхилох хувийг уургийн агууламж өндөртэй царцаа, цохын овгийн шавж эзэлдэг байна.
Хээрийн галуу,
Anser indicus
Тайлбар: Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ хэмээн их зохиолч Д.Нацагдорж бичсэн байдаг. Аливаа шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд байгаль, цаг уурын олон хүчин зүйлс саад бэрхшээл учруулж байдаг. Эдгээр бэрхшээлийг үл огоорон Төвдийн өндөрлөг, Гималайн өндөр уулс дээгүүр даван нүүдэллэж чадах нэг зүйл бол хээрийн галуу юм.
Цэн тогоруу,
Antigone vipio
Тайлбар: Цэн тогоруу нь тогорууны овогт хамаардаг. Ягаавтар урт хөлтэй, хар саарал зүстэй, нүүрэндээ улаан багтай, 130 см өндөр, 5.6 кг орчим жинтэй ховор зүйл шувуу юм. Жил бүрийн хавар манай орны зүүн хэсгээр байрлах нуур, голын савуудаар цэн тогорууны үржлийн цөм популяци урд зүгээс нүүдэллэн ирж зуншдаг. Ойрын хэдэн арванд тохиосон хээрийн түймэр, мөн малын тоо толгойн хурдацтай өсөлт цэн тогорууны амьдрах орчин алдагдах, доройтох, хумигдах гол шалтгаанууд болсоор байна.
Их хөх бух,
Parus major
Тайлбар: Дэлхий дээр өргөн тархсан шувуу. Биеийн урт 12.5 – 14 см. Магнай хар хөх, шанаа цагаан, хэвлий шаргал, далавчны дээд хэсэг нь ногоовтор шаргал өнгөтэй. Хот суурин бараадаж, хүнтэй ойр амьдардаг шувуу.
Начин шонхор,
Falco tinnunculus
Тайлбар: Начин шонхор нь шонхорынхоны овогт хамаардаг. Энэ зүйл өргөн уудам газар нутагт тархан амьдардаг. Доройтсон бэлчээрт хурдацтай үржин олшрох мэрэгч амьтдаар хооллон тоо толгойг нь зохицуулж байдгаараа экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай орны дөрвөн зүг, найман зовхист татсан хэдэн мянган километр үргэлжлэх цахилгаан дамжуулах агаарын шугамууд энэ зүйлийн үхэл, хорогдлын гол шалтгаан болсоор байна.



