Малчдын залгамж халааг түүчээлэх, мал маллагааны уламжлалт аргыг хадгалан өв соёлоо дээдлэн хамгаалж, өнөөгийн зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн, байгальд ээлтэй суурь мэдлэг, ойлголтыг ирээдүйн залууст олгоход чиглэсэн ШИНЭ ЗУУНЫ МАЛЧИН сонгон суралцах хичээл 2021-2022 оны хичээлийн жилд Хэнтий (5 сум), Дорнод (5 сум), Хөвсгөл (5 сум), Баянхонгор (Шинэжинст сум), Дорноговь (Дэлгэрэх сум) аймгийн 17 багшаар дамжуулан 717 сурагчдад амжилттай зохион байгуулагдлаа.Хичээлийн агуулга, амьдралд нийцтэй байдал нь багш нар болон сурагчдад харилцан ярилцах, багаар ажиллах, туршилт хийх, ажиглах, бүх сурагчдыг тэгш оролцуулах боломжийг олгосон юм. Энэхүү хичээлийг заасан багш нар олон шинжлэх ухааны мэдлэгийн уулзварыг орон нутагтаа шингээхэд шинэ туршлага, мэдлэгээр өөрийгөө хөгжүүлсэн. Сурагчдын хувьд өөрийн нутаг орныхоо байгалийн болон нийгэм, өв соёлын тухай цогц мэдлэгийг системтэй, практиктай олж суралцлаа..
ШИНЭ ЗУУНЫ МАЛЧИН хичээлд суралцсан сурагчид бүтэн жилийн турш ирц идэвхи 100%, гэрийн даалгавараа цагтаа хийж, хоорондоо хэлэлцэн, нэгэндээ мэдлэгээ хуваалцан, үр бүтээлтэй мэдлэг авч, ирээдүйн мэргэжлээ сонгох чиглэлээ энэ хичээлээр тодорхойлж буйгаа илэрхийлсэн.
Нийт багш нартаа эх орондоо үнэ цэнэтэй, ирээдүйн эрхэм иргэнийг өсгөж, төлөвшүүлэх үйлсэд нь хөтөлбөрийн багийн хамт олны зүгээс амжилт хүсэж, талархал илэрхийлж байна. Түүнчлэн нийт сурагчиддаа цаашид сурч, хөдөлмөрлөх алсын аялалд нь өндөрөөс өндөр амжилт хүсэе!


