УДИРТГАЛ ХИЧЭЭЛ .03

БАЙГАЛЬ ЭХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ӨГӨӨЖ

Өмнөговь аймаг, Ханбогд сум, Номгон баг, 2016 он

Галбын улаан

Өвсөн тэжээлтнээс тэмээ нь өвслөг болон сөөглөг, модлог зэрэг өндөр ургадаг ургамлаар хооллох чадвартай амьтдын нэг юм. Говийн хайлаасны навч, загийн найлзуурыг идэх нь модны өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх талтай. Тэмээг одоогоос 3000 орчим жилийн өмнөөс гаршуулсан. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснаас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийн өнгөөрөө хэрэглэгддэг.

Зургийг: Б.Дашням

Удиртгал хичээл .03

Тэжээлээ бэлдэе

Малчид гар тэжээлийг бэлтгэхдээ тухайн ургамлын ургалтын үе, хөгжлийг харгалзан үзэх хэрэгтэй. Ургамлын ишэнд бус навчинд тэжээллэг чанар өндөр байдгаас гадна, хөгжлийн үе гүйцэх тусам ургац, агуулагдах уураг, витамин нэмэгдэнэ. Тэжээлийг малын нас, хүйсээс хамаарч өөр өөр орц найрлагаар бэлдэнэ. Жишээлбэл, таана хөмөлийн зоодойг бэлтгэхэд хольцтой ба хольцгүйгээр хийж болно. Таана хөмөлөө тухайн жилийн ургалтаас хамаарч 6-р сарын 15-наас хойш, 8-р сарын 20 хүртэл хугацаанд түүж хэрчих буюу машиндаж өөрийн шүүсэнд нь барьж зоодойлно. Эсвэл 2 шанага орчим таананд дунд шаазангаар гурил буюу хивэг, эсвэл аарц хоолны халбагаар 5-6 удаа нунтаг давс, хужир хийж болно. Малд өгөхдөө 20-50 граммын орчим хуурай зоодойг халуун усанд хандлах буюу өвс, сүрэл, бусад тэжээлтэй хольж үнэртүүлж өгвөл амархан тамир авна. Зоодойг төлд 20-30 гр, бод малд 200-300 гр-ыг өдөрт 1 удаа өгнө. Таанын ногоон зоодой 33.3%, аарцтай хольвол нь 37.7% уурагтай байна гэж тооцоолжээ.

Зургийг: Ц.Алтанзул
Эх сурвалж: Төв аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын тэжээл бэлтгэх зааварчилгаа

Удиртгал хичээл .03

Өнтэй өвөл

Монгол ямаа жилийн дөрвөн улирлын турш бэлчээрийн маллагаанд байх бөгөөд 40С температурын зөрүү болон бусад байгалийн хатуу ширүүн эрсдэлийг даван туулж амьдрах чадвартай буюу тэсвэр чанар сайтай мал юм. Монгол ямааны ноолуурын дундаж урт 40 мм байх бөгөөд нас хүйс, үүлдэрлэг байдлаасаа хамаарч 33-56 мм урттай. 11 сарын 20-оос хаврын сар дуустал тарга хүчээ алддаг тул өдрийн дулааны хэмийг анзаарч цас багатай нөмөр газрыг бараадуулан бэлчээнэ. Ямааны ноолуурын дотоод бүтцийн нарийн зохион байгуулалт буюу үе давхаргууд нь дулаан ба хүйтнийг тусгаарлах, ус чийгийг шингээх, агаар шүүх зэрэг ноолууран бүтээгдэхүүнд хэрэглээний шинж чанарын давуу талуудыг бий болгодог.

Зургийг: Ц.Алтанзул
Эх сурвалж: Ямаа самнах, ноолуур бэлтгэх гарын авлага, III дахь хэвлэл, 2020 он, Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл

Удиртгал хичээл .03

Одоо ба ирээдүйд тасралтгүй ундарч байх ёстой

Бидний өдөр тутам хэрэглэдэг мах, сүү цагаан идээ, хүнсний ногоо нь экосистемийн нарийн үйл ажиллагааны үр дүнд бий болдог юм. Нутгийн хөмөлтэй буузны амт, чанарыг үр хойчдоо уламжлахын тулд экосистемийг хамгаалах нь бидний үүрэг билээ. Тавгатай буузыг хийсэн мах, гурил, давс, хөмөлийг бий болгоход тариалангийн талбай, соргог бэлчээр, отор хадлан, хужир мараа, ундны цэвэр усаар экосистем хангаж өгжээ. Харин үүний ард хөрсний үүсэл бүрдэл, чанар, эрдэс бодисын эргэлт, ус чийгийн хуримтлал, тоос хүртээлт, бэлчээрийн ургамлын бүтээмж, зүйлийн баялаг гэх мэт байгалийн зохицуулах олон хүчин зүйл бий.

Зургийг: Нутаг Түншлэл

ӨМНӨХ

Хүн байгалийн хүйн холбоо