ХҮН БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБОО
Бэлчээрлэх эрчимд өвс ургамал ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Бэлчээрлэлтийн ачаалал болон уур амьсгалын хавсарсан нөлөөллөөс бэлчээрийн доройтол үүсч байна. Монголын гарц, бүтээмж сайтай төвийн болон баруун хэсгийн зарим бэлчээр нутагт урт хугацааны туршид даац хэтэрвэл бэлчээр аясаараа нөхөн сэргэх чадамжаа алдах зэрэгт хүргэж болно гэж эрдэмтэд тогтоожээ. Хээрийн болон говь хээрийн бүсэд малын бэлчээрлэлт нэмэгдэх тусам хялгана, хазаар зэрэг олон наст өвсний бүрхэц багасна, мөн харгана зэрэг сөөг ургамлын бүрхэц буурч, хөрсний нягтрал ихсэж, хөрсний тэжээллэг чанар буурдаг гэсэн судалгаагаар нотлогдсон.
Зургийг: Б.Батхишиг
Эх сурвалж: Ch.Jamsranjav et al., 2018, Ya.Baasandorj et al., 2015, N.Amartuvshin et al., 2015, W.Gao et al., 2015
Бэлчээрээ шинжиж суугаа малчин, Баянхонгор аймаг
Монголчууд зуун зууныг дамжин байгалийн элдэв зан авирыг ажиглаж, урьдаас таамаглан, эрсдэл тулгарахад бэлтгэлтэй байж, даван туулж ирсэн арвин туршлагатай. Тиймээс “Нутаг” хэмээх орчин цагийн Монгол эрдэмтэд судлан тогтоосон хүн байгалийн салшгүй гагнагдсан ухаан нь үе дамжин уламжлагдаж, орон зай, цаг хугацааг дамнан, НУТГИЙН уул-ус, ургамал, амьтан, мал, малчин, идээ будаа, өв соёл, зан заншил, үг хэллэг зэргээр дамжуулан, шинэчлэгдэн оршин тогтносоор байна.
Зургийг: Жон Вэндт
Зудын сургамж
Өвөлжилтийн бэлтгэлийн ажлын чухал хэсэг бол малдаа тарга тэвээрэг авахуулах юм. Үүний тулд намрын оторт явдаг. Энэ хооронд хотондоо үлдсэн хүн бүр хөрзөнгөө ховхлон хурааж, өвөлдөө түлэх түлшээ бэлдэх, хороо, бууцаа дулаалах, дарш, хөмүүл, таанын зоодой хийх зэрэг ажлыг хийнэ. Манайх энэ жил Адгийн цагаан тэжээлийн үйлдвэрийн балгасны өөдөс зүүдлийг түүж, шинээр бууц, малын саравч, машины граж, төлийн пүнз барьсан. Өвөлдөө сайн бэлтгэвэл өвлийг өнтэй давна.
Өвлийн хүйтэнд тарга тэвээрэг муутай малыг онд оруулах их хэцүү. Үүнээс сэргийлэхийн тулд хадлангаа их авч, мал идэж болох л бол бүх төрлийн өвс ургамлыг хадаж бэлтгэж авах хэрэгтэй. Хэрвээ өвс тэжээл дутуу дээр нь хүйтэн бол мал өвлийг давах хэцүү. Өвсгүй болсон үед малын тэжээлийг өгч байж л малаа онд оруулна. Үүнд халгай, адууны хомоол, хүнхээл өвч, хорголжин хивэг байж болно.
Зургийг: Б.Батхишиг



