
Хөтөлбөрийн тухай
Тогтвортой ноос, ноолуурын эвсэл нь 2015 оноос эхлэн Монгол улсад малчдын залуу халааг бэлтгэх, тэдний боловсролыг дэмжих чиглэлээр тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь Английн ноолууран эдлэлийн Johnstons of Elgins компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Тогтвортой аж ахуй эрхлэх “Залуу малчин” бэлтгэх сонгон суралцах хичээлийн хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны хүүхдүүдэд өв соёлоо хадгалан, бэлчээр, нутаг ус, зэрлэг амьтдыг хамгаалж, ирээдүйд байгальд ээлтэй, тогтвортой аж ахуй эрхлэгч болоход зориулагдсан мэдлэг, ойлголтыг өгөхөд чиглэнэ.
Хөтөлбөр хэрэгжих болсон шалтгаан
Дэлхийн дулаарал болон дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалж хүний хэрэглээ байнга нэмэгдэж байгаа нь дэлхий ертөнц нөхөн сэргэх үндсэн чадамжаа хадгалж чадахааргүй их ачааллыг үүсгэж байна.
Иймд залуу үе хүүхэд багачууд бүх шатны сургуулиудад байгалиа хайрлах эртний монгол арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчны нөөц баялаг болох ой мод, ургамал, хөрс, усаа ариглан ашиглах арга ухааны талаар мэдлэг олгож, тогтвортой аж ахуй эрхлэн эх орон, эх дэлхийгээ хөгжүүлж явах ирээдүйн чадварлаг иргэдийг төлөвшүүлэх нь чухал байна.


Залуу малчин хөтөлбөр хөгжиж ирсэн замнал
Залуу малчдын боловсролыг дэмжих уг хичээлийн хөтөлбөрийн санаачлага, боловсруулалт, хөгжүүлэлт нь Монголын хөдөө аж ахуйн хөгжил, бэлчээрийн менежмент, мал аж ахуйн чиглэлээр сүүлийн 25 жилийн турш судлагдсан судалгааны үр дүнгээс эхлэлтэй.
Хичээлийн агуулга, заах хөтөлбөрийн үүсэл гарал нь 2011-2015 онд АНУ-ын Шинжлэх ухааны сангийн Колорадо Мужийн их сургууль болон Монголын шинжлэх ухааны академи (ШУА) -ийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ХААИС зэрэг хамтарсан “Монголын Бэлчээрийн Дасан зохицох, Даван туулах чадамж” MOR2 төслийн нийгэм-экологийн олон талт судалгааны үр дүнд түшиглэж бүс нутгийн малчдын хөгжлийг дэмжих олон сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэнээс улбаатай.
Өнөөгийн байгаль хамгаалал, бэлчээр ашиглалт, мал аж ахуйн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад “Нутаг” үзэл баримтлалыг голчлон 2014 оноос эхлэн Залуу малчдын боловсролыг дэмжих Нутаг Академи ТББ байгуулагдаж, таван модуль сэдвийн хүрээнд, хичээлийн нэг жилийн турш 12 кредит цагийн хичээлийг зааж эхэлсэн. Уг 12 кредит цагийн сургалтанд Говь-Алтай, Өмнөговь аймгийн 16-25 насны 32 залуу малчид амжилттай суралцаж төгссөн. Хөтөлбөрийн чанар, эрэлтээс хамаарч дараагийн шатны хөгжүүлэлтийг ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулж цөм хөтөлбөртэй уялдуулж сайжруулснаар одоогийн “Залуу малчин” сонгон суралцах хичээлийг зохион байгуулахад хангалттай туршигдсан загвар бий болсон байна.

ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ
Сонгон суралцах хичээлийн агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн VII-IX ангийн сурагчдын нас, сэтгэхүйд тохирсон, цөм хөтөлбөрийн хичээлүүдтэй уялдсан, амьдралд ойр агуулгаар бэлтгэж, сонгон судлах байдлаар заагдах 5 үндсэн модуль сэдэв бүхий 33 багц цагаас бүрдэж байна.
Сонгон суралцах хичээл нь цахим болон танхимаар хосолсон байдлаар заагдана. Хичээлийг авахыг хүсвэл хичээл захиалах цэс рүү нэвтэрч бүртгүүлэх боломжтой. Сурагчдад зориулсан сонгох суралцах хичээлийг эхлэхээс өмнө багш нарт сургалтын агуулгыг бүрэн ойлгуулах, сургалтыг цахимаар зохион байгуулах юм.

