УУР АМЬСГАЛ НУТАГ ШИНЖИХ .04

БАЙГАЛЬ ЮМСЫН ҮЗЭГДЛЭЭР ЦАГ АГААРЫГ ШИНЖИХ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн

Байгаль юмсын үзэгдлээр
цаг агаарыг шинжих

Монголын үндэсний радиод 20 гаруй жил цаг агаарын мэдээг бэлтгэн уншиж, малчдын хотонд сурвалжилга хийж, монгол ухаант өвгөдөөсөө тэнгэр унших эрдмийг өвлөн авсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнгийн “Тэнгэр унших эрдэм” номоос:

  • Нэг өдрийн дотор салхи нар даган эргэж, оройдоо хүчтэй болох нь маргааш тэнгэр аягүй болохын дохио
  • Салхи буруу эргэж, орой тийш ширүүлэхээр хавсарга тавина
  • Сар бүүдийн хүрээ татвал тэнгэр муухайрахын тэмдэг
  • Өглөө эрт баруун өмнө зүгт бараан үүл гарвал үдийн урд хур бороо орно
  • Орой нар шингэх зүгт цэлмэг байваас маргааш магад гийнэ
  • Тэнгэрийн баруун хаяанаас махирласан толгойтой үүл гарвал маргааш салхи тавьж, хүйтэрнэ
  • Шөнө шүүдэр уналгүй хоновол ширүүн бороо орно
Монголын говь нутагт нар мандах агшин

Байгаль юмсын үзэгдлээр
цаг агаарыг шинжих

  • Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээ цацрагтай үзэгдвээс зун бол бороо, өвөл бол цас орохын шинж
  • Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно
  • Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй
  • Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ цацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавал хүчтэй салхи хөдлөхийн дохио
  • Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно
Сар

Байгаль юмсын үзэгдлээр
цаг агаарыг шинжих

  • Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг
  • Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж
  • Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна
  • Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ
Cолонго

Байгаль юмсын үзэгдлээр
цаг агаарыг шинжих

  • Өглөөгүүр солонго татах нь бороо орохын шинж, орой солонго татвал тэнгэр хангай тогтуун сайхан болохын шинж
  • Харин салхин зүгт солонго татвал бороо орохын тэмдэг
  • Солонго тод доогуур татаж байвал тэнгэр эвгүйтнэ
  • Зүүнээс солонго өндөрт татаж, баруун уруу шилжин замхарвал тэнгэр сайхан болно
  • Бороо орсны дараа солонго хурдан замхарвал тэнгэр цэлмэнэ. Удаан байвал тэнгэр муудна
  • Бороо орж буй үед тод шар өнгийн солонго татвал бороо зөөлнөөр удтал орно
Төв аймаг, Лүн сум

Байгаль юмсын үзэгдлээр
цаг агаарыг шинжих

  • Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна
  • Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна
  • Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна
  • Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио
  • Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ
  • Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж
  • Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг
  • Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж
ӨМНӨХ

Цаг агаарыг жилийн 4 улирлаар шинжиж

ДАРААХ

Мал, амьтдын зан төрхөөр цаг агаарыг шинжих