ӨВС УРГАМЛЫГ НӨХӨН СЭРГЭЭХ УХААН .01

ХЯЛГАНА БА ХАЗААР ӨВС

Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 2018 он

Хялганат бэлчээр

Дэрвээн хазаар, Крыловын болон бусад хялганууд, саман ерхөг гэх мэт үетэн ургамал зонхилсон бэлчээр нь малын бэлчээрийн нөөцийн үнэт баялаг юм. Ийм үетэн зонхилсон бэлчээр нь уулын ойт хээр, уулын хээр, тал хээр, цөлийн хээрт түгээмэл тархдаг бөгөөд жилийн аль ч улиралд мал амьтны идэш тэжээлийн чухал эх үүсвэр юм. Хавар цухуйсан хялганыг хонь, адуу дуртай, үхэр дурамжхан иддэг.

Өмнөговь аймаг, Ханбогд сум, 8 сар

Доройтож буй хялгана

Мал бэлчээрлэлтийн эрчим ихэссэн үед хялгана, хазаар зэрэг үетэн ургамал зонхилсон бэлчээр нь доройтож эхэлдэг. Уг зурагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян, Гавилууд, Номгон багийн бэлчээрийн судалгааны явцад өвөлжөөнөөс 1000м зайд хялгана хэрхэн доройтож байгааг зургаар илэрхийлсэн болно. Хялганы сэргэн ургах, хугацаа болох 4-6 сард бэлчээрээ сэлгэх хэрэгтэй. Уг хугацаанд бэлчээрийг сэлгэхгүй тохиолдолд голоосоо халцарч эхэлдэг, улмаар дахин сэргэж ургах аргагүй хуурай үндэс үлддэг юм. Хялганат бэлчээрийг нөхөн сэргээхэд судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөгөө гарган, жил бүрт зорилт тавин хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.

Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2014 он

Говийн хялгана
Stipa gobica, Roshev

Нийтэд тархсан нэр нь хялгана, монгол өвс гэдэг ч хатаж цайсан үед нь малчид цагаан өвс гэж нэрлэдэг.
Говийн хялгана нь заримдаг цөлийн бүсэд өргөн тархаж, сайрын хялганы хамт ургадаг ба 4-р сараас ургаж, 6-7 сард цэцэглэж, 8-р сард үрэлдэг ч өмнөх жилийн чийг, хур тунадаснаас хамаарч ургалт харилцан адилгүй байдаг. Говийн хялганыг бэлчээрийн тэргүүн зэргийн тэжээл гэдэг нь хавар эрт малыг сайн таргалуулж, тэнхрүүлдэг. Тэжээлийн сайн чанартай боловч түүний үр хонины биед шигдэж сүрхий зовоох төдийгүй хуулж ч болдог байна.

Эх сурвалж: БНМАУ-ын Хадлан билчээр дэх ургамлууд, 1968, А.А.Юнатов

Баянхонгор аймаг, Бууцагаан сум, 2012 оны 7 сар

Дэрвээн хазаар өвс
Cleistogenes sguarrosa,
(Trin. ex Ledeb) Keng

Хазаар өвс Монголын төв ба умард нутгуудаар өргөн тархсан ургамлуудын нэг юм. Өргөн хэрэглэгддэг нэр нь хазаар өвс бөгөөд хагдарсныхаа дараа ихээхэн мушгирч тахирласан үржлийн ишнүүд нь эх ургамлаасаа тасарч салхинд хийсэн өвс ба сөөгөнд орооцолддог учраас хазаар гэж нэрлэжээ. Хазаар өвс нь малчдад тэжээлийн сайн ургамал гэж тооцогддог боловч өөрийн тэжээллэг чанараар хялганыг гүйцдэггүй ажээ.

Эх сурвалж: БНМАУ-ын Хадлан билчээр дэх ургамлууд, 1968, А.А.Юнатов

ДАРААХ

Агь ба шаваг