АГРОЭКОЛОГИ, ЗОХИСТОЙ ДАДАЛ
Тогтвортой аж ахуй эрхлэх ухаан
Ирээдүйн 50 жилийн хугацаанд буюу 2020-2070 онуудад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ус хомсдох, агаар хэт халах, хөрс хуурайшиж гандах, үржил шимээ алдах зэрэг эрсдлүүд үүсэх тул мах, ногоо, тариа, будаа зэрэг хүнсийг үйлдвэрлэхэд смарт ухаалаг, хэмнэлттэй арга технологи өргөнөөр нэвтрэх болно. Орчин залуу үеийнхэн хөрс, ус, агаар, уур амьсгалд сөргөөр нөлөөлж болох аргаар ХАА-н үйлдвэрлэл эрхлэх зарчмаас аажмаар татгалзаж, шинэ бүтээл оновчтой санаачилгыг далайцтай хэрэгжүүлж дэлхий ертөнцөө уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах ухамсраар ажиллаж амьдрах болно. Өөрөөр хэлбэл байгальд болон өөрийн орон нутгийн экологид хохирол багатай аж ахуйг хөтлөн орлого ба бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлтэй болж байна.
Ирээдүйн залуу фермер, МАА ба газар тариалан эрхлэгчид хариуцлагатайгаар ашиг орлогоо нэмэгдүүлэх шинэ технологи, арга туршлагыг ашиглах эрин үе угтаж байна. Үйлдвэрлэгч ба хэрэглэгчдийн итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагааг ногоон хөгжлийн мэдлэг ба зарчимд суурилан хөгжүүлэх зорилготойгоор энэ шинжлэх ухааны салбар хөгжиж байна.
Зургийг: П.Баттулга
Тогтвортой аж ахуй эрхлэх ухаан
Дэлхийн төдийгүй үндэсний хэмжээнд эрүүл, соргог бэлчээрт идээшилсэн малын бүтээгдэхүүнийг илүү өндөр үнэлэх зах зээлийн хандлага бий болсон. Үүгээр нутаг усаа хайрлан хамгаалах ач холбогдлыг эдийн засгийн нүдээр дэмжиж эхэлсэн. Энэ нь ч тогтвортой байдлыг хадгалахын тулд үйлдвэр, хэрэглэгчдээс санал болгож буй нэгэн шаардлага юм. Нөгөө талаас хүн байгаль хоёрын алс ирээдүй тогтвортой байснаар байгалиас хүртэх ашиг шимийг хадгалж хамгаалах юм. Цахим ертөнцийн хөгжлийг дагаж дэлхийн шинэ залуу халаа илүү хариуцлагатай, шударга, үнэн зөв мэдээлэл шаардаж, тэд өөрсдийн хэрэглэх хувцас, хүнс, орон байр зэрэг нь байгальд ээлтэй, малын тав тухтай орчныг хангасан, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн ноос, ноолуур, арьс ширийг худалдан авах сонирхолтой болжээ. Тиймээс үүнтэй нийцэх чанар стандартын шаардлагыг хангах асуудлыг олон улсын худалдааг хөгжүүлэх стандарт хэмжилзүйн байгууллага, зах зээл ба хэрэглэгчийн байгууллага зэргээс санаачлан хэрэгжүүлэх ажил өргөн дэлгэр болж байна.
Зургийг: П.Баттулга


